Боловсролын газар
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
2014-12-18 |

 Боловсрол, шинжлэх ухааны сайдын

2013 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ....... тоот 
тушаалын нэгдүгээр хавсралт


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН 
СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын баримт бичигт "Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно" гэсэн зорилтууд дэвшүүлсэн. 
Төрөөс бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа малчдын болон төв суурин газрын хүүхдүүдэд хувилбарт сургалтаар сурч хөгжих боломж олгох бодлогыг хэрэгжүүлж ирлээ. 2012-2013 оны хичээлийн жилийн мэдээгээр улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт хүүхдийн 77,6% болох 181,0 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсаны 83,0% нь цэцэрлэгт, 17,0% нь хувилбарт сургалтад хамрагдаж байна. 
Сургуулийн өмнөх боловсролын эрэлт хэрэгцээ нь цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудлаас гадна чанарын асуудалтай холбоотой. Цэцэрлэгт явагдаж буй өдөр тутмын үйл ажиллагаа нэгэн хэв загварт баригдсан, “хичээл төвт” сургалт давамгайлсан, хүүхдэд өөрийнхөө онцлог болон эрэлт хэрэгцээнд нийцсэн дэмжлэг туслалцаа авах, аливаа үйлд сонголттой, идэвхтэй, бүтээлчээр оролцох боломж бага байна. 
      Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогын зорилго нь хүүхэд бүрийг бие, сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулахад багш, судлаач, эцэг эх хамтарч ажиллахад  чиглэл өгч, дэмжлэг үзүүлэхэд оршино.  
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого нь хурдацтайгаар өөрчлөгдөн байгаа нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн нийгэмд зохицон амьдрах чадвартай хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэхэд өөрийн орны уламжлал, онцлогт түшиглэн, олон улсын чиг хандлагатай нийцүүлж, эцэг эх, багш, судлаач, олон нийтийн оролцоог ханган  хамтран ажиллах  зарчимд тулгуурлана.  
Эрдэмтэн, судлаачдын олон төрлийн судалгаагаар сургуулийн өмнөх насны хүүхдийн тархи хамгийн уян хатан, суралцах өргөн боломжийг агуулдаг онцлогтой нь тогтоогдсон. Мөн энэ насанд хүний төлөвшлийн суурь тавигддаг. Иймээс сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе хэмээн хөгжүүлэх шаардлага урган гарч байна. 
ХОЁР. БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг дараах үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулах;
2. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургалтын арга зүй, технологийг хөгжүүлэх; 
3. Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох;  
4. Хүний нөөцийг бэлтгэх, чадваржуулах;
5. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчныг сайжруулах;  
6. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бие даасан байдал, хамт олны бүтээлч үйл ажиллагааг дэмжих зэрэг багтана.


ГУРАВ. БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална. Үүнд:
1. Хүүхдийн нас, сэтгэц, хөгжлийн онцлогт нийцэх;
2. Хүүхэд бүрийн онцлогийг харгалзах;
3. Хүүхдийн тал бүрийн хөгжлийг хангах;
4. Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсрол эзэмших тэгш боломжоор хангах;
5. Боловсролын чанарыг хүүхдийн чадамж (эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшил)¬¬¬¬-аар үнэлэх;
6. Тоглох нь хүүхдийн суралцах үндсэн үйл байх;
7. Сургалтын арга зүй, технологийг боловсронгуй болгоход чиглэсэн байх;
8. Эцэг эх, багш хамтран ажиллах түншүүд байх.

ДӨРӨВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
4.1 . Сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулах чиглэл

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого, стратеги, бага насны хүүхдийн суралцахуйн талаар дэлхийн улс орнуудын баримталж буй чиг хандлага, монгол хүүхдийн онцлогт баримжаалан сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлнэ. 
Сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ нь хүүхдийн хөгжлийн ахиц, амжилтын үр дүнд чиглэсэн, нээлттэй байна. Цэцэрлэг сургалтын хөтөлбөрөө байгууллагынхаа үзэл баримтлалыг үндэслэн боловсруулна.
4.1.1. Хүүхдийн суралцах үйлийн онцлог
Бага насны хүүхэд бол төрөлхийн сониуч зангаараа хүрээлэн буй орчноо таньж мэдэх их хүсэл эрмэлзэлтэй, аливааг оролдож, хийхийг чармайж байдаг, хүлээж авсан мэдээллээ боловсруулж чаддаг, харилцааны явцад зөв буруу, сайхан муухайг ялган салгаж, бусдын дунд дасан зохицох чадвартай, идэвхтэй суралцагч билээ. 
Хүүхдийн суралцах үйлд дараах онцлогийг харгалзан үзнэ.
- Хүүхэд хайр халамжтай, тайван амгалан, чөлөөтэй, хөдөлгөөнтэй байх нөхцөлд идэвхтэй суралцдаг.
- Хүүхэд ямар нэг юм, түүний онцлог, үзэгдэл, үйл явдлын учир холбогдлын талаар бусадтай санаагаа солилцож байж хорвоо ертөнцийн талаарх мэдлэгээ бүтээдэг.
- Хүүхэд сонирхсон, сэтгэлийг нь хөдөлгөсөн зүйлийг удаан хугацаанд мартдаггүй.
- Аливаа зүйлд өөрийн дур сонирхлоор дуртай, баяр баясгалантай, хөгжилтэй оролцох тохиолдолд илүү бүтээлчээр суралцдаг.
- Даган дуурайх нь хүүхдийн суралцах гол үйл явц болдог.
- Хүүхэд бодит амьдралын орчны үйл явцад томчуудтай хамтран оролцож, өөрийг нь итгэлтэй хамтрагч гэж үзэж байгааг мэдэрсэн тохиолдолд илүү хурдтай суралцдаг.
- Хүүхэд бүхий л мэдрэхүйнхээ тусламжтайгаар туршлага хуримтлуулж, тухайн үйлд  идэвхтэй оролцож, өөрөө хийж гүйцэтгэх, турших, бодох боломжтой үед илүү суралцан хөгждөг. 
    4.1.2. Сургалтын зарчим
Нэгдмэл (интеграцчилсан) сургалт
Хүүхэд хуучин мэддэг зүйлээ шинээр сурч буй зүйлтэйгээ холбож, юмс, үзэгдлийн учир шалтгаан, холбоо хамаарлыг ухаарч ойлгох, үлдэцтэй мэдлэг, чадвар эзэмшихэд нь дөхөмтэй, нэгдмэл агуулгаар сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг зохион байгуулна. 
Багш хүүхдийн суралцах үйлийг дэмжигч
Хүүхдийн суралцах үйлийг дэмжигчийн хувьд багш хүүхдэд хэрэгтэй, сонирхолтой өргөн агуулгыг сонгож, сургалтын олон төрлийн арга барилыг ашиглан, хүүхдийг идэвхжүүлнэ. Багш хүүхдэд тодорхой мэдлэг, нарийн ур чадвар эзэмшүүлэх гэхээс илүүтэй тэдний эзэмшсэн мэдлэг, чадваруудыг өдөр тутмынх нь амьдралтай холбох, хэрэглээ болгох, шинэ санаа өгөхөд анхаарна. 
Хүүхэд бол мэдлэгээ өөрөө бүтээгч
Хүүхэд өмнөх мэдлэгээ хэрэглэж, түүгээрээ дамжуулан шинэ мэдлэг бүтээх чадвартай байх нь чухал. Тэгэхээр томчуудын дэмжлэг, заавраар тухайн хүүхдийн хүрч чадах түвшинг багш тогтоож, хүүхэдтэй чин сэтгэлээсээ ойр дотно харилцаж дараагийн шат руу хөтөлж чиглүүлнэ. 
Орчин бол “гуравдагч багш”
Оновчтой бүрдүүлсэн сургалтын орчин нь хүүхдийн сонирхол, сэтгэлийг татаж, урам зориг оруулж, тэдний бүх талын хөгжилд нөлөөлдөг тул багш, эцэг эхээс гадна “гуравдагч багш”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Орчин нь хүүхдийн суралцах үйлийг өдөөж эрэл хайгуул хийх боломж олгосон, хөдөлгөөнийг дэмжсэн, өөрийн орны соёлыг тусгасан, осол аюулгүй болон ариун цэврийн шаардлагыг хангасан байна. 
4.2 . Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургалтын арга зүй, технологийг хөгжүүлэх чиглэл

Багш нарт хүүхэд бүрийг мэдэрч, ойлгож, хүндэтгэж харилцах хандлагыг төлөвшүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй эзэмшихэд дэмжлэг үзүүлэх нь сургуулийн өмнөх боловсролын талаар баримтлах бодлогын чухал хэсэг гэж үзнэ.  Арга зүй нь бага насны хүүхдийн сургалтын зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.  
Цэцэрлэг сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа сонгосон сэдвийн хүрээний зорилго, үйл ажиллагааны хувилбарууд, арга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах арга зам зэргийг нэгдмэл байдлаар тусгаж төлөвлөнө. 
4.3. Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох чиглэл
4.3.1.  Хүүхдийн хөгжлийн үнэлгээ
Хүүхдэд гарч буй ахиц, өөрчлөлтийг үнэлэх нь тэдний цаашдын хөгжил, суралцах үйлд оновчтой дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тухайн хүүхдийн онцлогийг илрүүлэх, хөгжлийн ахицыг тогтоохын тулд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, баримтжуулна. 
4.3.2.  Багшийн үнэлгээ
Багшийн ажлын үнэлгээний үндсэн шалгуур нь хүүхдийн хөгжлийн ахиц болон багшийн хүүхдүүдтэй харилцаж, ажиллаж буй арга барил, чадвар байна. Багшийн үнэлгээ нь өөрийн болон хөндлөнгийн (эцэг эх, хамт олон) үнэлгээгээр хийгдэнэ.
4.4. Хүний нөөцийг бэлтгэх, чадваржуулах чиглэл
Багш болох хүсэл сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгон суралцахад дэмжсэн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Цэцэрлэгийн багшийг дипломын дээд, бакалавр зэрэгтэй, арга зүйч, эрхлэгчдийг магистр болон түүнээс дээш зэрэгтэй байхаар бэлтгэх тогтолцоог бий болгож, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчилнэ. 
Хөгжингүй орнуудад магистр, докторын сургалтад суралцах иргэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, суралцагчдыг оюутны солилцооны хөтөлбөрт хамруулах бодлогыг хэрэгжүүлнэ.
Гадаадаас сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн урьж ажиллуулах, харилцан туршлага солилцох, цэцэрлэгийн багш, удирдах ажилтныг багш солилцооны хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарын чадавхыг сайжруулах, багшийг шинээр бэлтгэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Багшид  мэдээлэл, харилцааны техник технологийг ашиглан мэдлэг, чадвараа дээшлүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгээ арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллах интернэт орчныг бий болгоно.
4.5. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчныг сайжруулах чиглэл
Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж,  цэцэрлэгийн ачааллыг багасган нэг багшид ногдох хүүхдийн тоог норм хэмжээнд нь хүргэх чиглэл баримтална.
Цэцэрлэг ээлжийн багштай болох асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэнэ.
Цэцэрлэгийн орчны стандартыг шинээр боловсруулж мөрдөнө. 
Цэцэрлэгийн ангиудыг стандартын шаардлага хангасан тавилга, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг орон нутгийн төсөв, эцэг эх, олон нийтийн санаачилгад тулгуурлан гүйцэтгэнэ. 
Ердийн болон тусгай цэцэрлэгт шаардагдах орчныг бий болгон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. 
4.6. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бие даасан байдал, хамт олны бүтээлч үйл ажиллагааг дэмжих чиглэл
Бие даасан байдлыг хангах гол арга зам нь цэцэрлэг тус бүр өөрсдийн үзэл баримтлалаа тодорхойлон “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах  бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршино.
Ажлаа төлөвлөх, санхүүжилт, зохион байгуулалтыг хангах зэрэг шийдвэр гаргах түвшинд эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулна. 
Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжихэд санаачилга гарган ажиллаж буй эцэг эх, асран хамгаалагч, иргэн, иргэний нийгмийн болон бусад байгууллага, олон улсын байгууллагын оролцоог дэмжинэ.

--------000--------
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймгаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>